та энд байна: Нүүр/Дээд цэс/Мэдээ

Г.Саруул: Банкны салбарт шинэ уур амьсгал, шинэ бизнес загварыг оруулж ирнэ

2016-10-24   610

- Богд банк гэхээр банк, санхүүгийн салбарынхан бол андахгүй юм. Харин уншигчид маань төдийлөн сайн мэдэхгүй байх. Банкныхаа талаар танилцуулахгүй юу?

 

- Манай банк Монгол банкнаас албан ёсоор зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр жил гаруй болж байна. Энэ хугацаанд санхүүгийн зах зээл дээр үзүүлэх үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх, бүтцээ бэхжүүлэх, холбогдох дүрэм журмуудыг боловсруулах гол нь харилцагчиддаа чиглэсэн шинэ үйлчилгээнүүдийг бий болгох тал дээр голлон анхаарч ажиллалаа.

Одоогийн байдлаар тодорхой хэмжээний харилцагчидтай болчихлоо, бүтээгдэхүүнүүдээ салбартаа өрсөлдөх чадвартай байх хэмжээнд хөгжүүллээ. Ер нь Богд банк нэгдүгээрт хөрөнгө оруулалтын, хоёрдугаарт арилжааны, гуравдугаарт хувийн банкны гэсэн төрөлжсөн үйлчилгээний цогц банк болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээр нь улсынхаа эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилтыг нэн түрүүнд тавьж байгаа. Тийм ч учраас гадаадын хөрөнгө оруулагчдаас Монгол руу хөрөнгийн эх үүсвэр татах чиглэлээр багагүй ажил хийгээд явж байна.

- Жишээ татвал?

- Швейцарийн хэд хэдэн хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын тохиролцоо хийгээд гэрээний түвшинд яригдаад явж байна. Мөн Хонг Конг болон Сингапурын томоохон банкуудтай харилцаа холбоо тогтоож, Монголд хөрөнгө оруулалт хийх, зээл олгох тал дээр хамтран ажиллаж байна.Түрүүн хэлсэнчлэн энэ ажлууд хамгийн гол нь гадаад валютын орох урсгалыг багагүй хэмжээгээр нэмэгдүүлж Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах юм. 

- Тэгэхээр Богд банк Монголын арилжааны банкуудаас цоо шинэ үйлчилгээ үзүүлж эхэлсэн, хамгийн отгон банк гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэлгүй яахав, манай банк Монголын хамгийн отгон буюу хамгийн залуу банк. Энэ нь анхнаасаа зөв зарчмыг барьж ажиллах, үйл ажиллагаагаа тунгалаг явуулах, олон улсын хамгийн сүүлийн үеийн ололтыг нэвтрүүлэх, ер нь банк санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага ингэж л ажиллах ёстой юм байна гэдэг үлгэр жишээ болох ёстой гэдэг үүрэг хариуцлагыг бидэнд үүрүүлж байгаа юм.

Манай хамт олон ч ийм л зорилт дэвшүүлээд түүндээ тэмүүлж ажиллаж байна. Мэдээж хэрэг аж ахуйн нэгж байгууллагын хувьд өдөр тутам тулгардаг бэрхшээлүүд манай өмнө ч гэсэн тулгарч байна. Гэхдээ бид бэрхшээлийг хүнд гэж үзэлгүй даван туулах гарц юу байна, ямар байдлаар эерэг өгөөж гарах боломжтой вэ гэдэг дээр бүх л зүйлийг өөдрөгөөр сэтгэж ажиллахыг хичээдэг. 

-Таны ярианаас Богд банкны үйл ажиллагаандаа баримтлах зарчим, бусдаас ялгарах онцлог ерөнхийдөө харагдаж байна. Ер нь танай банкны бизнесийн философио илэрхийлсэн уриа юу вэ? 

-Бид “Итгэл түгээнэ” гэсэн уриатай. Итгэл гэдэг үгийг яагаад сонгосон бэ гэхээр санхүүгийн бизнес цэвэр итгэл дээр тулгуурлан явдаг. Аливаа бизнес банк хоёрын дунд юуны өмнө итгэлцэл тогтох нь чухал. Тэгж байж банктайгаа бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг тал дээр харилцан санаа бодлоо солилцож үр дүнтэй хамтын ажиллагаа явагдана.

Банк бол харилцагчдадаа санхүүжилтийн асуудлыг нь шийдэх төдийгүй зөвлөгөө мэдээллээр хангаж төлбөр тооцоо, гадаад дотоод худалдаа гэх зэрэг асуудлууд дээр нь тохирсон үйлчилгээ үзүүлж бизнесийн хөгжилд нь хувь нэмрээ оруулах ёстой институци юм гэж бид ухамсарлаж байгаа болохоор энэ уриаг сонгосон юм. 

-Богд банк Засгийн газраас баталгаа гаргуулж 150 сая ам.долларын бонд босгосон гэдэг яриа байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Таны асуулттай холбоотой зарим нэг залруулах зүйл байна. Юуны өмнө бид засгаар баталгаа гаргуулаад зээл авах юм уу, бонд гаргаж ашигласан зүйл байхгүй. Харин бид өмнөх Засгийн газрын үеэс мөнгө босгож өгөх тодорхой санал тавьж ирсэн.

Өнөөдөр манай улсын эдийн засагт тулгараад байгаа гол асуудал бол гадаад валютын орох урсгал хумигдсан явдал юм. Үр дагаварт нь долларын ханш 2,300 гараад явчихлаа гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс бид Засгийн газарт гадаадаас ихээхэн хэмжээний долларын хөрөнгө оруулалт босгоход нь тусалж болж байна.

Тэр оруулж ирсэн мөнгөнөөс манай банк огт авахгүй бүгдийг нь засаг өөрөө аваад ашиглана. Ингэвэл нэгд эдийн засагт гадаад валют орж ирж ханшид эергээр нөлөөлнө, хоёрт Засгийн газрын санхүүжилтийн зардал буурах ч боломжтой. Ийм л саналыг бид өмнөх Засгийн газарт тавьсан боловч тодорхой шийдвэр гаргахад цаг хугацааны хувьд боломж олдоогүй байх.

-Шинэ Засгийн газартай энэ саналаараа хамтран ажиллахад бэлэн үү?

- Засгийн газартай хэзээ ч хамтран ажиллахад асуудал байхгүй. Бид банк гэж онцгой чухал салбарт үйл ажиллагаа явуулж буйн хувьд улс орныхоо эдийн засагт тус нэмэр болдог байх үүрэгтэй. 

-Монголын эдийн засгийн байдал хүнд байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Банкны захирлын хувьд та яаж харж байна?

 

- Миний хувийн бодлоор ийм хүнд цаг үеүд аль ч улсын эдийн засагт тохиолддог л доо. Үүнээс сэргийлэх боломжууд ч байсан. Ийм хямрал үүсэхээс нь өмнө сэргийлэх бодлогуудыг урьдчилан үр дүнтэй хэрэгжүүлж чадвал илүү хүндрэл багатай, хөнгөхөн даван туулах боломжтой байсан болов уу гэж би үздэг. Жишээлбэл, тодорхой хэмжээний валютын нөөц үүсгэж мөчлөг сөрөх бодлого явуулах ёстой байсан.

Харин одоо эдийн засаг суларч байгаа энэ үед хатуу бодлогоос илүү зөөлөн бодлого руугаа шилжих арга зам байгаа. Долларын хомсдолд орчихсон өнөөгийн нөхцөлд гаднаас зээл тусламж, хөрөнгө оруулалт татахаас өөр арга байхгүй. Учир нь манайх Америк биш, доллар үйлдвэрлэдэг орон биш. Дотоодын хэрэглээний бараа бүтээгдэхүүн ихэнх нь гаднаас орж ирж байгаа манай улсын нөхцөлд бид яах аргагүй долларын санхүүжилт хийх нь зүй ёсны шаардлага. Ажиглалт, тандалтаас илүүтэй эрч хүчтэй ажиллаж цаг хугацаатай уралдах л хэрэгтэй л дээ. Түрүүн би хэлсэн.

Манай банкны зүгээс өөрийнхөө хэмжээнд хувь нэмэр оруулах үүднээс тодорхой хэмжээний саналуудыг Засгийн газарт тавиад буй.  Үүн дээр бидний зүгээс нээлттэй хамтран ажиллаад явах, дотоодын эдийн засгийн эрүүл орчныг үүсгэх ханшийн тогтвортой байдлыг хангах төлбөрийн тэнцэл дээр жаахан ч болов эерэг байлгахад бидний хувь нэмэр хэрэгтэй болов уу гэсэн үүднээс ийм санал гаргасан. 

- Танай хөрөнгө оруулагчид ингэхэд хэн бэ?

-Манай гол хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагч бол Бодь групп. 1990-ээд оны эхээр байгуулагдаж байсан Бодь группыг хүмүүс сайн мэдэх байх. Голомт банк, Бодь даатгал зэрэг санхүүгийн салбарын томоохон оролцогчдыг үүсгэн байгуулж амжилтад хүргэж байсан мэдлэг, туршлагатай хөрөнгө оруулагчид, шилдэг менежерүүдээс бүрдсэн хамт олноос Бодь групп бүрддэг. 

-Бодь группын хувьд нэг асуудал байдаг шүү дээ. Хуваагдаад хоёр Бодь групп бий болсон юм шиг ойлгогддог?

- Тэр асуудал хууль эрх зүйн түвшинд бүрэн шийдэгдсэн. Одоо Бодь групп нэрийг хууль ёсны дагуу эзэмшигч тал бол манай хөрөнгө оруулагчид. Тэд Голомт банкнаас хөрөнгө оруулалтаа татаж өмнөх нэгдлээс тусгаарласан. Одоогийн Бодь группт манай Богд банк болон Бодь даатгал, Бодь цамхаг зэрэг бизнесүүд хамаарч байна. 

-Та өөрөө их залуу хүн байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Ер нь манай банкны менежментийн баг харьцангуй залуу, эрч хүчтэй хүмүүсээс бүрдсэн. Миний хувьд Америкт сургуулиа төгсөж, дээд боловсрол эзэмшээд санхүүгийн салбарт нь зургаа, долоон жил ажилласан. Банкинд ч ажиллаж байлаа, Хөрөнгийн биржид ч ажиллаж байсан, мөн бидний нэрлэдэг хэжфанд буюу Хөрөнгө оруулалтын сангууд дээр ажиллаж байсан.

Монголдоо ирээд Хөрөнгийн биржийн дэд захирлаар ажиллаж байгаад Хөрөнгө оруулалтын сангийн хууль, Үнэт цаасны зах зээлийн хууль зэрэг хуулийн төслийн боловсруулалт дээр мэргэжилтний хувиар ажиллаж батлуулахад нь оролцсон. Богд банк 2014 онд байгуулагдахад анхны бичиг баримт, дүрэм журмыг боловсруулахаас эхлээд ажиллаж байна. Хамгийн залуу, зарчмын хувьд ч тэр хамгийн сайхан цэвэр тунгалаг байгууллагад ажиллаж, банкны салбарт шинэ өнгө төрхийг бий болгох зорилготой байгаадаа их сэтгэл хангалуун байгаа. 

-Танай банк хамгийн залуу банк, захирал нь ч залуу хүн байна. Салбартаа цэвэр шинэ уур амьсгал оруулах гэж зүтгэж байгаа юм байна. Одоогийн нөхцөлд бусад банкуудаас ондооширч, онцгойрох стратегитань юу вэ? 

- Санхүүгийн салбар гэдэг нэлээн өргөн уудам гэж хэлж болно. Бидний хувьд нэг цонхоор тэрхүү өргөн талбарт ажиллаж харилцагчдынхаа бүх санхүүгийн холбогдолтой хэрэгцээг нь хангаж, шийдвэрлэх зорилготой. Нэг цонхны үйлчилгээ гэдэг нь  тухайн харилцагчийн арилжааны банк нь болоод ажиллаж болно, хөрөнгө оруулалтын банк нь болж байна, хувийн банкны үйлчилгээ ч үзүүлээд явах боломжтой, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа ч явуулах боломжтой.

Гадны банкнуудын бизнес модель ерөнхийдөө нэг иймэрхүү цогц хэлбэрээр явдаг. Ийм шинэ бизнес загвар, шинэ уур амьсгал, хандлага нь манай банкны гол ялгаа байх болов уу. Гэхдээ энэ бүхний цаана мэдээж Монгол Улсын эдийн засгийн эрүүл байдал, хөрөнгө оруулалтын тогтвортой өсөлт, гол нь эдийн засгийн тогтвортой байдал түүнийхээ хэмжээгээр санхүүгийн зах зээлд үүсэж буй түр зуурын юмуу удаан хугацааны валютын хомсдол гэх мэтийн асуудалд өөрийн хувь нэмэр оруулах асуудал байгаа юм. 

- Ярилцсанд баярлалаа 

 

Ярилцсан: О.Наранхүү /www.ikon.mn/

URL: http://www.ikon.mn/n/uwh 

 

 

 

 

» буцах


Зээлийн тооцоолуур Twitter