Богд банк ХК олон улсын хөрөнгийн зах зээлд ам.долларын бондын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүллээ
Богд Банк ХК нь олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай оролцож, 3 жилийн хугацаатай, жилийн 9.50 хувийн тогтмол купонтой, 75 сая ам.долларын бондыг олон нийтэд санал болгон амжилттай арилжааллаа. Тус бондыг Австрийн Виенийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн бөгөөд олон улсын институционал хөрөнгө оруулагчдаас өндөр сонирхол татаж, санхүүжилтийг бүрэн татан төвлөрүүлэв.
Энэхүү хэлцэл нь Богд Банкны хувьд олон улсын хөрөнгийн зах зээлд бие даан санхүүжилт татах чадамжаа баталгаажуулсан томоохон алхам болж байгаа бөгөөд банкны урт хугацааны хөгжлийн стратеги, санхүүгийн тогтвортой байдал, засаглал болон бизнесийн өсөлтийн чадавхыг олон улсын хөрөнгө оруулагчид өндрөөр үнэлсний илэрхийлэл болж байна.
Бондын санхүүжилт татан төвлөрүүлснээр банк дараах стратегийн ач холбогдол бүхий үр дүнд хүрч байна. Үүнд:
- Олон улсын хөрөнгө оруулагчдын баазыг өргөжүүлэх;
- Гадаад эх үүсвэрийн бүтцийг төрөлжүүлж, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн суурийг бэхжүүлэх;
- Банкны хөрвөх чадвар болон валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
- Санхүүжилтийн дундаж өртгийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх;
- Олон улсын зах зээл дэх үнэ тогтоолт, хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх, ил тод байдлыг нэмэгдүүлэх;
- Монгол Улсын хувийн хэвшлийн санхүүгийн байгууллагуудын олон улсын зах зээл дэх нэр хүнд, оролцоог нэмэгдүүлэх зэрэг болно.
Түүнчлэн татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг банкны үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид, экспорт, худалдаа, үйлдвэрлэл болон хувийн хэвшлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд үе шаттайгаар зарцуулахаар төлөвлөж байна.
Богд Банк ХК нь харилцагч төвтэй үйлчилгээ, дижитал шилжилт, тогтвортой өсөлтөд чиглэсэн стратегиа тууштай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү олон улсын бондын арилжаа нь тус банкны цаашдын өсөлт, олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх чухал суурь болж байна.
Тус бондын арилжааны ерөнхий зохион байгуулагч, андеррайтераар дэлхийн санхүүгийн зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк J.P.Morgan ажилласан бол стратегийн түншлэл болон бүтэцлэлийн зөвлөхөөр Frontier Strategies ажиллаж, хэлцлийг олон улсын стандарт, шаардлагын дагуу амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүллээ.
Богд Банк ХК нь цаашид олон улсын зах зээл дэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх болно.