Богд банк “Omni Erdenet Miners” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллана

“Итгэл түгээнэ” уриатай Богд банк Үндэсний дээд лигийн аварга “Omni Erdenet Miners” багийн 2026–2027 оны улирлын ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар боллоо. 

Богд банк багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, хүүхэд залуусын спортод тэмүүлэх хүсэл эрмэлзлийг дэмжих, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор мэргэжлийн сагсан бөмбөгийн “Omni Erdenet Miners” багийг ивээн тэтгэж, хамтын ажиллагаа эхлүүллээ. Энэхүү түншлэл нь тамирчдын ур чадвар, багийн цаашдын хөгжлийг дэмжих, спортоор дамжуулан залуу үеийнхэнд хичээл зүтгэл, сахилга бат, багаар ажиллах чадвар, зорилгодоо үнэнч байх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

“Omni Erdenet Miners” баг нь МСБХ -ны Үндэсний дээд лигийн аварга багуудын нэг бөгөөд 2022–2023 оны улиралд плей-оффын шатанд нэг ч хожигдол хүлээлгүй, 12:0 амжилтаар аваргын цом хүртэж байсан түүхтэй. Мөн  “MINERS Basketball Academy” сургалтаар дамжуулан Монголын сагсан бөмбөгийн спортод шилдэг тамирчдыг бэлтгэн гаргах, спортоор дамжуулан хүүхэд залууст зөв төлөвшил олгохыг чухалчилдаг.

Богд банкны Бизнес, банк хариуцсан захирал М.Алтанбагана:

“Банкны зүгээс спортын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэг багийн амжилтаас гадна залуу үеийнхний хөгжил, ирээдүйд оруулж буй хувь нэмэр гэж харж байгаа. Спорт нь залуу үеийнхэнд сахилга бат, хариуцлага, хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл, урам зориг өгдөг. Тиймээс бид энэхүү түншлэлээр дамжуулан багийн спортын хөгжилд хувь нэмэр оруулж, хүүхэд залуусыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалан, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж байна”

“OMNI Erdenet Miners” багийн Гүйцэтгэх захирал Р.Эрдэнэмөнх:

“Манай багийн амжилт бүрийн ард тамирчдын хөдөлмөр, хамтын ажиллагаа, хөгжөөн дэмжигчдийн итгэл байдаг. Богд банктай ийнхүү хамтын ажиллагаа эхлүүлж буй нь багийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, амжилтаа ахиулах, цаашдын зорилтуудаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байна”

Богд банк нь Монголын спортын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор сагсан бөмбөгийн Танан Гарьд” баг, цахим спорт болон таеквондогийн төрлийг ивээн тэтгэж ирсэн. Мөн Монголын волейболын спортын ууган клубүүдийн нэг “Уурхайчин” клубийн эмэгтэй багийн ивээн тэтгэгчээр ажиллахаар болсон бөгөөд “Монголын Үндэсний Олимпын Хороо”-ны албан ёсны түнш байгууллагын хувьд тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцож буй баг, тамирчдыг дэмжин ажиллаж байна.

Энэ хүрээнд “Omni Erdenet Miners” багтай эхлүүлж буй хамтын ажиллагаа нь Богд банкнаас багийн спортыг хөгжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй томоохон ивээн тэтгэлгүүдийн нэг болж байна.

Итгэл түгээнэ – БОГД БАНК


Төстэй мэдээлэл