Богд банк Олон Улсын Санхүүгийн Корпорацтай хамтран “Жижиг дунд үйлдвэрлэл”-ийн санхүүжилтийн тогтвортой өсөлтийг дэмжинэ
Богд банк нь Дэлхийн Банк Группийн гишүүн байгууллага
болох Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-тай зөвлөх үйлчилгээний гэрээ
байгуулж, эрсдэлийн удирдлага, зээлийн үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад
нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Гэрээний хүрээнд Олон Улсын Санхүүгийн Корпорац нь Богд банкны
эрсдэлийн удирдлагын тогтолцоо, зээлийн үйл ажиллагаанд цогц үнэлгээ хийж,
тэдгээрийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөмж боловсруулна. Зөвлөх
үйлчилгээг 12 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ОУСК -ийн олон
улсын санхүүгийн салбарт хуримтлуулсан мэдлэг, туршлагад тулгуурлан банкны үйл
ажиллагааны үр ашиг, зээлийн шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэхэд чиглэж
байна.
Богд банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийг
үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон хөгжүүлж ирсэн. Энэхүү
төсөл нь зээлийн үнэлгээ, эрсдэлийн удирдлагын арга барилыг сайжруулах замаар
бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, ЖДҮ-ийн
санхүүжилтийг хариуцлагатай, тогтвортой байдлаар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
ач холбогдолтой юм.
Богд банк нь цахим банк, төлбөр тооцоо, санхүүгийн
технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж, харилцагчдад үзүүлэх үйлчилгээний
хүртээмж, чанарыг сайжруулахын зэрэгцээ байгууллагын засаглал, үйл ажиллагааны
чадавхаа бэхжүүлэхэд анхааран ажиллаж байна. ОУСК-тай хэрэгжүүлэх энэхүү төсөл
нь банкны урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж, цаашдын өсөлтийн найдвартай
суурийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Итгэл түгээнэ – БОГД БАНК